Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЗУУН НАСТАЙ УУГАН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭНДЭЛСЭН ӨДРӨӨ ЁСЛОН ТЭМДЭГЛЭВ

ЗУУН НАСТАЙ УУГАН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ МЭНДЭЛСЭН ӨДРӨӨ ЁСЛОН ТЭМДЭГЛЭВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам байгуулагдсаны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслол 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Москва хотноо болов.

Ойн хүндэтгэлийн арга хэмжээнд хүндэт зочноор ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол, Төрийн Думын гишүүн В.А.Дамдинцурунов, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Шинжлэх ухаан, боловсрол, соёлын хорооны нэгдүгээр орлогч дарга И.М.Умаханов, Холбооны Зөвлөлийн сенаторууд Б.Б.Жамсуев, Д.И.Оюн нар, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн нэгдүгээр газрын орлогч захирал Р.И.Журавлев, Монголын хэлтсийн дарга А.Ц.Доржиев, түүнчлэн ОХУ-ын “Газпром”, “РЖД” , “Интер Рао” зэрэг томоохон компаниудын төлөөлөл, бусад салбаруудын удирдлага, төлөөлөгчид уригдан оролцлоо.

Ёслолыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын талыг төлөөлж Төрийн Думын орлогч дарга, ноён Ш.В.Кара-Оол нар үг хэлж, цугларсан зочид, төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 100 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн бүх зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, шинэ Монгол Улсын Ардын Засгийн газар 100 жилийн тэртээ Зөвлөлийн Засагт Орос Улсад суух анхны Бүрэн эрхт төлөөлөгчөөрөө Ж.Давааг томилон “гүн” зэрэг өргөмжилж байсныг иш татаж, үүнээс хойш Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар нэр төртэй 28 эрхэм болон 400 орчим дипломат ажилтан ажилласан болохыг онцоллоо.

Тэрбээр, Дэлхийн II дайны дараа Монгол Улс дэлхийн олон оронтой дипломат харилцаа тогтоож, тэдгээр оронд Элчин сайдын яамаа байгуулж хараахан амжаагүй байх үед Москва дахь Элчин сайдын яам Ази, Европын 20 гаруй орны Хэргийг хавсран  хариуцаж, ингэснээрээ тухайн үедээ Монгол Улсын гадаад ертөнцтэй харилцах цонх болж байсан содон түүхтэйг тодотгов.

Монгол Төрийн тэргүүн,  Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүхэн ойг тохиолдуулан тус Элчин сайдын яаманд ирүүлсэн баярын илгээлтдээ улс төр, эдийн засаг, геополитикийн амаргүй ээдрээтэй өнөөгийн нөхцөлд Монгол, Оросын харилцааны хүрсэн түвшинг хадгалж хөгжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллахыг даалгасан болохыг сануулаад, үүний тулд 100 жилийн сайхан уламжлалыг өвлөн авсан Элчин сайдын яамны одоогийн хамт олон өөрсдөөс шалтгаалах бүх зүйлийг хийх болно гэдгийг батлан хэллээ.

Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володины мэндчилгээг уламжилж, Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өнгөрсөн 100 жилийн хугацаанд хөгжүүлж, өнөөгийн түвшинд хүргэхэд Москва дахь Монгол Улсын Элчин яам нэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцолж, энэ хугацаанд хоёр орны харилцааг түүхийн амаргүй цаг үед бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн үе үеийн Элчин сайд, дипломатчид, техник ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Хамтын дайчин түүхээр холбогдсон хоёр орны ард түмнүүдийн чин сэтгэлийн нөхөрлөлийг цаашид хойч үе үр хүүхдүүддээ өвлөн үлдээхийн төлөө талууд хамтдаа ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллах ёстойг онцолж, хуран цугларсан зочид, төлөөлөгчдөд Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам үүсэн байгуулагдсаны  100 жилийн ойн  халуун мэндийг дэвшүүлэв.

Ёслолын үеэр Монголын ардын болон дэлхийн сонгодог уран бүтээлүүдийн дээжээс монголын өсөх ирээдүйтэй залуу уран бүтээлчид сонирхуулж, ЭСЯ-ны зууны түүхэн гэрэл зургуудтай танилцуулав.