Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД П.СЭРГЭЛЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пүрэвийн Сэргэлэн Кувейт Улсын Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабахтай 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав.   Итгэмжлэх жуух бичгийн хувийг барьсны дараа Гадаад хэргийн сайд Шейх Др. Ахмад Нассер Аль-Мухаммад Аль-Сабах Элчин сайд П.Сэргэлэнг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцав.

Шейх Др.Ахмад Нассер Кувейт, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2025 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан Хамтын ажиллагааны замын зураглалыг баталж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд П.Сэргэлэн Кувейт Улсад эх орноо төлөөлөн ажиллах болсондоо баяртай байна гээд манай хоёр улс олон жилийн туршид найрсаг харилцаа хөгжүүлж ирснийг тэмдэглэж, энэхүү харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэх, улмаар хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт нэн ялангуяа эдийн засаг, соёл, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Кувейтийн Гадаад хэргийн яам, болон бусад төр, засгийн байгууллагуудтай нягт холбоотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.