Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын улаан загалмайн хороо (ОУУЗХ)-ны Ази, Номхон далайн бүсийн захирал К.Чиполла-г 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Засгийн газар ОУУЗХ-той хөгжүүлж буй хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд Монголын ард түмэнд өнгөрсөн хугацаанд тусламж дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улс хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зорилгын хүрээнд Швейцарт байрладаг Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын гишүүний сонгуульд анх удаа нэрээ дэвшүүлж, сонгогдон ажиллаж байгааг мөн тэмдэглэв.

Бүсийн захирал К.Чиполла Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэг болон Монгол Улсын Засгийн газартай ойр ажиллаж ирснийг сайшаан тэмдэглэж, ирэх 6 дугаар сарын сүүлээр Женев хотноо болох Олон улсын улаан загалмайн нийгэмлэгүүдийн Ерөнхий Ассамблейн чуулганд монголын тал идэвхтэй оролцож, энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн уулзалтуудыг зохион байгуулахаар харилцан тохиролцов.