Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, КАЗАХСТАНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нурсултан хотноо хоёр улсын гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг хийв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин, БНКУ-ын Гадаад хэргийн дэд сайд Р.Василенко нар хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга замууд болон олон улс, бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тэр дундаа дэлхийн зах зээл дээр хомсдол үүсч болзошгүй гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг бүрдүүлэх, нийлүүлэх боломжийг хөндөн ярилцаж, КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн бүс нутгийн тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн орнуудтай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярилцав.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Казахстаны Худалдаа, интеграцчлалын Тэргүүн дэд сайд Е.Е.Баттаковтэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, хамтарсан замын зураглалыг тохиролцох, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, хоёр талын худалдаанд саад бэрхшээл учруулж буй тээвэр, ложистик, хорио цээрийн асуудлыг хөндөн ярилцав.

Дэд сайд Б.Мөнхжин айлчлалынхаа төгсгөлд Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирал К.Сарыбайтай уулзаж, тус байгууллагын хүрээнд Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны дээрх механизмыг ашиглан бүс нутгийн өмнө тулгарч буй сорилтуудыг хамтын хүчээр даван туулах зэрэг асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцлаа.