Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД, ХАНХҮҮ ФАЙСАЛ БИН ФАРХАН АЛЬ-САУД-ТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД, ХАНХҮҮ ФАЙСАЛ БИН ФАРХАН АЛЬ-САУД-ТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-тай хоёр талын уулзалт хийв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, Саудын Арабын Хаант Улсын харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, цаашид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлов. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зарим төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах өргөн боломж байгааг танилцуулав. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн тулд Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив. 

Саудын Арабын Гадаад хэргийн сайд, Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд урилгыг талархан хүлээн авч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хамтран ажиллах бусад салбаруудыг тодорхойлж, хэрэгжүүлэх төслүүдийн талаар үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцов.