Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээОХУ-ЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АКАДЕМИД ЗОЧЛОВ

ОХУ-ЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АКАДЕМИД ЗОЧЛОВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Ерөнхийлөгч З.К.Церетелигийн урилгаар тус академийн тэргүүлэгчдийн хуралд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хүндэт зочноор оролцов.

Энэ үеэр Оросын Дүрслэх урлагийн академийн тэргүүлэгч гишүүн, академич М.Ю.Шишин “Орос, Монголын дүрслэх урлагийн зуун ба өнө мөнх” («Век и Вечность в изобразительном искусстве России и Монголии») уран зургийн каталогийг танилцуулав. Энэхүү каталог нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Барнаул, Эрхүү, Улаан-Үд хотуудад дэлгэсэн Монголын болон Оросын Сибирийн орчин цагийн зураачдын бүтээлүүдийг танилцуулсан цомог ажээ.

Түүнчлэн энэ оны 4, 5 дугаар сард Монголын Уран зургийн галерейд ОХУ-ын алдарт зураач, барималч Зураб Церетелигийн “Далд шидэт реализм” график зургийн үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэн, дэмжлэг үзүүлсэн  монголын талд талархал илэрхийллээ.

Элчин сайд Ө.Энхтүвшин “Орос, Монголын дүрслэх урлагийн зуун ба өнө мөнх” каталог хэвлүүлж, академийн Ерөнхийлөгчийнхөө үзэсгэлэнг Улаанбаатарт толилуулсан Дүрслэх урлагийн академийн тэргүүлэгчдэд баяр хүргэж, хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг цаашид ч хөхиүлэн дэмжихээ амлав.

Оросын Дүрслэх урлагийн академи нь 1724 онд I Петр хааны зарлигаар байгуулагдсан Дүрслэх урлаг, шинжлэх ухааны Академийн  залгамжлагч гэж тооцогддог. Ерөнхийлөгч Зураб Константинович Церетели 1997 оноос тус академийг тэргүүлж, 88 настайдаа Академийн бүх гишүүдийн хурлаар дахин сонгогджээ. ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын болон ОХУ-ын Ардын зураач З.К.Церетели нь Лениний шагнал (1976), ЗХУ-ын Төрийн хошой шагнал (1970, 1982), ОХУ-ын Төрийн шагнал (1996) хүртсэн бөгөөд урынхаа санд 5000 гаруй бүтээлтэй, дэлхийд зартай уран бүтээлч юм.

З.К.Церетелигийн бүтээлүүд Бразил, Их Британи, Испани, Франц, АНУ, Япон, Гүрж, Литв зэрэг оронд залагджээ. Нью-Йорк хотод НҮБ-ын байрны өмнө, Парис хотод ЮНЕСКО-гийн байрны урд түүний бүтээлүүдийн багасгасан хувилбарууд сүндэрлэдэг юм.