Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг Италийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Хатагтай Мариа Элизабетта Каселлатид 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Сенатын Ерөнхийлөгч Мариа Элизабетта Каселлати хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа идэвхтэй байгаа нь бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлов. Элчин сайд Ц.Нарантунгалаг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг онцлов. Мөн “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хөтөлбөрт талууд өнгөрсөн сард гарын үсэг зурсныг мэдээлэв. Монгол, Италийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ойр дотно ажиллахаа талууд илэрхийлэв.