Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛ Д.КОМИНИ-ТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ЗҮҮН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЗАХИРАЛ Д.КОМИНИ-ТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Энэ 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Д.Комини-ийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, КОВИД-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгслийг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Тэрээр Улаанбаатар хот, зарим аймагт монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн болох CHIP багц, Гига төслийн хүрээнд хөдөө орон нутагт малчдын хүүхдүүдийг цахим нэвтрэлтэд хамруулах, цахим сургалтын чанарыг сайжруулах зэрэг чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Д.Комини Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүс нутагтаа үлгэр жишээ улсуудын нэг болж байгааг сайшааж, Хүүхдийн сангаас манай улсад агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг онцлов.

Талууд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны агуулга, цар хүрээ улам тэлж байгааг тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны бохирдлоос хүүхдийн хөгжилд үзүүлэх нөлөөг онцлон, хүүхдийн өвчлөлийг эрт илрүүлэх, өсвөр насныхны хоол тэжээлийг сайжруулах, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг ариун цэвэр, усан хангамжийн орчин үеийн байгальд ээлтэй тогтвортой технологи бүхий шийдэлтэй байгууламжаар хангах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Хатагтай Д.Комини 2008-2010 онд Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчөөр ажиллаж байжээ.