Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Даваасүрэнгийн Гэрэлмаа НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валовая-д 5 дугаар сарын 4-ний өдөр Итгэмжлэх захидлаа барив.
Итгэмжлэх захидал гардуулах ёслолын үеэр Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй дэмжлэг үзүүлж ирсэн НҮБ-д талархал илэрхийлээд, Женевд төвтэй олон улсын байгууллагуудтай хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллахын зэрэгцээ дэлхий дахины өмнө тулгарч буй шинэ сорилтуудыг даван туулах хүрээнд эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны асуудлаарх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхий захирал Т.Валовая Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаад баяр хүргэж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих чиглэлээр НҮБ-ын Женев дэх төв тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буйгаа мэдээлэв.