Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээВЛАДИВОСТОК ХОТ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

ВЛАДИВОСТОК ХОТ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсаас ОХУ-ын Владивосток хотод суух Худалдааны төлөөлөгчийн газар 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 338 тоот тогтоолын дагуу байгуулагдсан Худалдааны төлөөлөгчийн газрын нээлтийн ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморын хязгаарын Засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч В.И.Прокопчук нар оролцож, баяр хүргэн үг хэллээ.

ОХУ-ын хөгжлийн хамгийн ирээдүйтэй Алс Дорнодын бүс нутагт Монгол Улс Худалдааны төлөөлөгчийн газраа нээж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улмаар Приморын хязгаар, Владивостокоор дамжуулан Ази, Номхон далайн өргөн уудам зах зээл, бизнесийн орон зайд монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг чөлөөтэй гаргах суваг нээх нэн чухал алхам юм болно гэж Элчин сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Владивосток хотод Ази, Номхон далайн бүс нутаг дахь нэр хүнд бүхий яриа хэлэлцээний Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн жилийн намар болсон ээлжит чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын төрийн тэргүүн цахимаар оролцож, Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилттой байгааг бүс нутгийн орнуудын сонорт хүргэж байсан.

 

Өнөөдөр нээлтээ хийж буй Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар “Транзит Монгол Улс” болох энэхүү цар далайцтай зорилтыг бодит ажил хэрэг болгоход тодорхой хувь нэмэр оруулна гэж Элчин сайд Ө.Энхтүвшин цохон тэмдэглэв.

 

Шинээр байгуулагдаж буй Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн, Монгол Улсын Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн монголын экспорт импорт, транзит тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд гүүр болон ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Энэ өдөр мөн Владивосток хотноо “Худалдаа ба логистик” сэдвээр Монгол, Оросын бизнес чуулга уулзалт болж, монгол, оросын бизнес эрхлэгчид, тээвэр зуучийн компанийн төлөөлөгчид, ажил хэрэгч хүмүүс оролцон хоёр талын болон бүс нутгийн худалдаа, тээвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх арга замыг хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улсын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Приморын хязгаарын холбоо хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.