Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бельгийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенсыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улс, Бельгийн Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хоёр талаар болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд өргөжүүлэхийн чухлыг онцлов. Тухайлбал, Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд, Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, тээвэр, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд И.Хоогмартенс хоёр улсын харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлж, хувь нэмэр оруулна гэдгээ нотлов.