Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монгол Улс дахь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам хамтран “Монгол-Их Британийн бизнес форум”-ыг зохион байгууллаа.
Форумд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Филипп Малоне, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан Худалдааны элч ноён Даниел Кочинский болон Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсаас 2021 онд Их Британи Улс руу мал амьтны самнасан үс, хялгас, сүлжмэл хувцас, эдлэл гэх мэт нийт 10 сая ам.долларын үнийн дүнтэй бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин Их Британи Улсаас Монгол Улс руу 2021 онд сав баглаа, боодол, хүнс, ариун цэврийн хэрэглэл,төмөр замын төхөөрөмж, эд ангиуд гэх мэт олон нэр төрлийн нийт 40 сая ам.долларын үнийн дүнтэй бүтээгдэхүүн импортолжээ.
Хоёр орны худалдааны нийт эргэлт 2021 оны байдлаар 50.1 сая ам.доллараар хэмжигдэж байна. Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгааг оролцогчид форумын үеэр хөндсөн юм. Их Британийн хөрөнгө оруулалттай компанийг үйл ажиллагаагаар нь ангилж авч үзвэл, 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 15.5 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 9 хувь нь банк, санхүүгийн салбарт, 28.5 хувь нь бусад салбарт байна.