Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Гадаад хэргийн сайд М.Пейны санаачилгаар 3 дугаар сарын 7-ны өдөр цахимаар зохион байгуулсан Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцов.

Тус уулзалтаар Афганистанд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улс дахь охид, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөж ярилцав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 3 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Афганистан дахь нөхцөл байдлын тухай илтгэл танилцуулсан ба тэрбээр илтгэлдээ холбогдох бүхий л талыг оролцуулсан Засгийн газрыг байгуулж, хүний эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, терроризмтай тэмцэж, улс орны аюулгүй байдлыг хангахыг уриалсан билээ.

Уулзалтын үеэр Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийг хамгаалагч, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид мэдээлэл хийж, Гадаад хэргийн сайд нартай  дэлгэрэнгүй санал солилцов.