Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ЭМГЭНЭЛ

ДУЛАМЫН ЖАМБАЛДОРЖ

/1935-2022/

 

         Ахмад дипломатч, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Дуламын Жамбалдорж 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Д.Жамбалдорж нь 1935 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж, 1957 онд Нийслэлийн 6 дугаар дунд сургууль, 1963 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотноо Инженер-эдийн засгийн дээд сургуулийг барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр, 1968 онд тус улсад Төлөвлөгөөний хорооны дэргэдэх Эдийн засгийн дээд курсийг тус тус төгссөн.

 

Тэрбээр 1963-1964 онд Улаанбаатар хотын Барилгын трестэд инженер, 1965-1969 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга, 1969-1972 онд Ой, модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд, 1972-1977 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны орлогч дарга, 1977-1985 онд Чех болон ОХУ-д суугаа ЭСЯ-нд Эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе, 1986-1996 онд Монголын Комплекс импорт компанийн ерөнхий захирал зэрэг улс нийгмийн хариуцлагатай албыг хашиж байв.

 

Д.Жамбалдорж гадаад улс орнуудын техник-эдийн засгийн туслалцааны хүрээнд манай улсад барьсан олон арван барилга байгууламжийн хэлэлцээнд экспертээр оролцож байв. Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар хотын Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, Дарханы цементийн завод, Улаанбаатар хотын 1 дүгээр болон 3 дугаар хороололд 100.5 мянган орон сууцыг соёл ахуйн барилгын хамт, Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Соёлын төв өргөө, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дарханы Мах комбинат, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг нь өдгөө ч монголын ард түмний амьдралд өмөг түшиг болсоор байна.

 

Талийгаачийн улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтад оруулсан бодит хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор тус тус шагнаж байв.

 

Гавьяаны амралтад байх хугацаандаа өөрийн туршлага, Монгол Улсын Гадаад харилцааны хөгжлийн түүх, замналыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Орос, Япон, АНУ зэрэг 14 улс оронтой харилцаа, хамтын ажиллагааны талаар, “Эрдэнэт үйлдвэрийг цогцлон байгуулсан түүхэн баримт, өнөөгийн байдал, хэтийн төлөв”, “Эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны төрийн албаны үүсэл хөгжил”, “Монгол Улс ба Гадаад улс гүрнүүдийн хоорондын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үүсэл, хөгжлийн түүхэн он жилүүд” зэрэг 9 ном туурвисан байна.

 

Ахмад дипломатч, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Д.Жамбалдоржийн эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

 

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,

ДЭД САЙД Б.МӨНХЖИН,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР,

ГХЯ, ДТГ-ЫН НИЙТ ХАМТ ОЛОН, ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБ