Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийг Элчин сайдын яамны төв байранд 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан зарим асуудал, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Монгол, Оросын Парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум хоорондын Хамтарсан комиссын Дүрмийн төслийг талууд үндсэндээ зөвшилцөн гарын үсэг зурахад бэлэн болж байгаад монголын тал талархалтай байгааг Элчин сайд Ө.Энхтүвшин тэмдэглээд Дүрмийг энэ оны эхний хагас жилд багтаан баталж, комиссын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой зарчмын асуудлуудаар ОХУ-ын Төрийн Думын орлогч даргатай ярилцаж, тодорхой ойлголцолд хүрэв.