Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБНУЗБУ-ЫГ ДХБ-Д ЭЛСҮҮЛЭХ АСУУДЛААР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

БНУЗБУ-ЫГ ДХБ-Д ЭЛСҮҮЛЭХ АСУУДЛААР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ

Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ыг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элсүүлэх үйл явцыг хурдасгах, зах зээлд нэвтрэх асуудлаар манай улстай хийх хоёр талын яриа хэлэлцээг эцэслэх чиглэлээрх уулзалтыг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулав.

Уулзалтыг манай талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ахалсан бөгөөд БНУзбУ нь ДХБ-ын гишүүн болох чиглэлээр идэвхтэй ажиллаж буйг нь сайшааж, тус байгууллагын гишүүн болсноор олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлэх үйл явцад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн, энэ асуудлаар айлын талтай үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн болно.

Манай хоёр улс нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Монгол, Узбекистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшин доогуур байгаа нь хоёр улс далайд гарцгүйн улмаас худалдааны зардал өндөр, зарцуулж буй хугацаа их байгаатай холбоотой.

БНУзбУ нь ДХБ-д гишүүнээр элсэн орсноор манай хоёр улс нэн тааламжтай үндэсний нөхцөлөөр худалдаа хийх нөхцөл бүрдэхээс гадна Төв Азийн чиглэлээр хөгжүүлж буй манай улсын гадаад бодлогыг тэнцвэртэй байлгах үүднээс тус улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.