Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ЭМГЭНЭЛ

ЛХАМСҮРЭНГИЙН ДҮГЭРЖАВ

(1959-2022)

 

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Шинжлэх ухааны доктор профессор, туйл судлаач Лхамсүрэнгийн Дүгэржав 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Л.Дүгэржав нь 1959 онд Увс аймгийн Тэс сумын Тооромт хэмээх газар төрж, 1966-1976 онд Увс аймгийн Улаангом хотын нэгдүгээр 10 жил, 1976-1982 онд Болгар Улсын Геологи уул уурхайн дээд сургуулийг газрын тосны өрөмдлөг, олборлолтын инженер, технологич мэргэжлээр, мөн сургуулийг 1989-1991 онд аспирантурт, Болгар Улсын Шинжлэх ухааны академид 2001-2004 онд докторантурт суралцан төгссөн. Болгар, орос, англи хэлний мэдлэгтэй.

 

Л.Дүгэржав 1982-1984 онд Геологийн төв экспедицэд технологич, инженер, 1984-1986 онд Геологи, уул уурхайн яаманд инженер, 1986-1992 онд Техникийн их сургууль, Геологийн сургуульд багш, 1992-1994 онд Геологи, эрдэс баялагийн яаманд газрын тосны ерөнхий мэргэжилтэн, 1994-1996 онд “Монгол газрын тос” нэгдэлд ерөнхий инженер, 1996-2000 онд Хөдөө, аж ахуй, үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн газрын дарга, 2001-2004 онд Болгар улсын Шинжлэх ухааны академийн Геологи, газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2004-2010 онд “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2010-2013 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, 2014-2016 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв.

 

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 105 жилийг тохиолдуулан, гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат дээд цолоор шагнасан байна.

 

Хүндэт профессор, Шинжлэх ухааны доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Л.Дүгэржавын ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд, монгол орныг хилийн чанадад сурталчлах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,

ДЭД САЙД Б.МӨНХЖИН,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР,

ГХЯ, ДТГ-ЫН НИЙТ ХАМТ ОЛОН, ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБ