Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ЭМГЭНЭЛ

ШАГДАРЫН БИРА

(1927-2022)

        Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, Улаанбаатар хотын хүндэт иргэн Шагдарын Бира 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ш.Бира нь 1927 онд Улаанбаатар хотод төрж, 1946-1951 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг билээ.

Ш.Бира 1960 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал, 1973-1982 онд ШУА-ийн Нийгмийн ухаан хариуцсан анхны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, ШУА-ийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 1987-2011 онд Олон Улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.

     Академич Ш.Бира нь ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэн (1985-1988), Францын Нийгмийн шинжлэх ухааны институт (1988), Энэтхэгийн Түүх судлалын нийгэмлэг (1991), Токиогийн Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэн (1992-1993), Боннын Их сургууль (1995),  АНУ-ын Баруун Вашингтоны Их сургууль (1997) зэрэг гадаадын судалгааны байгууллагад зочин профессор, судлаачаар уригдан ажиллаж, Олон Улсын Монгол судлалын холбоог үүсгэн зохион байгуулах, монгол судлалыг гадаадын орнуудад өрнүүлэх, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлан таниулах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулжээ.

      Талийгаачийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлж, “Хүндэт дипломатч” цол тэмдэг, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”, “Монгол Улсын Төрийн шагнал”, “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар” цолоор тус тус шагнасан байна. Түүнчлэн гадаад улсын төр, засгаас түүний гавьяа, зүтгэлийг үнэлж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Азийг судлах Хааны нийгэмлэгийн “Денис Синорын Алтан медаль”, 2006 онд Японы Фүкүокагийн Азийн Соёлын шагналын “Академик” шагнал, 2007 онд гүн ухаантан Н.К.Рерихийн нэрэмжит олон улсын шагналаар тус тус шагнажээ.

       Нэрт түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн, академич Ш.Бирагийн ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанар, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, Монгол Улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд, монгол судлалыг хилийн чанадад сурталчлах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,

ДЭД САЙД Б.МӨНХЖИН,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР,

ГХЯ, ДТГ-ЫН НИЙТ ХАМТ ОЛОН, ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБ