ДАЛХЫН ЛУВСАНРИНЧИН
/1923-2022/
Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Далхын Лувсанринчин 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 99 насандаа өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Д.Лувсанринчин нь 1923 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутагт Ар худгийн энгэр хэмээх газар төрж, 1938 онд Хэнтий аймгийн тусгай бага сургууль, 1938-1941 онд Худалдааны техникум, 1951-1954 онд Намын дээд сургууль, 1965-1968 онд Зөвлөлт холбоот улсад Дипломатын дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр тус тус төгссөн. Орос, англи хэлний мэдлэгтэй.
Тэрбээр 1956 оноос хойш Гадаад харилцааны яам болон түүний системийн байгууллагад тасралтгүй 31 жил ажилласан бөгөөд энэ хугацаанд 1956 онд Гадаад явдлын яамны сайдын нарийн бичгийн дарга, 1957 оноос Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1960-1965 онуудад Гадаад явдлын яаманд референт, 1968 оноос тус яаманд хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 1977-1982 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, мөн Социалист Этиоп, Ардчилсан Йемен, Замби улсад суугаа Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэсэн бөгөөд 1983 оноос Гадаад явдлын яамны боловсон хүчний хэлтсийн даргаар ажиллаж байсан Гадаад явдлын яамны коллегийн гишүүн байлаа. Түүнчлэн цэргийн алба хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, холбооны офицерийн үүрэг гүйцэтгэж явсан ахмад дайчин юм.
Д.Лувсанринчин нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байхдаа хоёр орны болон хавсран суугаа орнуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, идэвхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, бүхий л чиглэлээр урагшлуулах, Элчин сайдын яамны үйл ажиллагааг төдийгүй Монгол Улсыг сурталчлах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас үнэлж Байлдааны хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Хүндэт дипломатч” хүндэт тэмдэг, 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд” цолоор шагнасан байна. Түүнчлэн гадаад улсын төр, засгаас түүний гавьяа, зүтгэлийг үнэлж Японыг ялсны төлөө Монгол-Оросын “Бид ялав” медаль, Чехословакийн коммунист намын 50 жилийн ойн медаль, Польшийн гавьяаны одонгийн алтан тэмдгээр тус тус шагнаж байв.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, ахмад дипломатч Д.Лувсанринчиний эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,
ДЭД САЙД Б.МӨНХЖИН,
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР,
ГХЯ, ДТГ-ЫН НИЙТ ХАМТ ОЛОН, ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБ