Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, ЧИЛИЙН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ, ЧИЛИЙН ГХЯ-Д ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Чилийн талаас ГХЯ-ны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга Глориа Наваррете нар тэргүүлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд уул уурхай, хөдөө, аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж, хоёр улсын эдийн засаг, соёлын харилцааг өргөжүүлэх арга замын талаар санал солилцов. Чилийн экспортыг дэмжих институц буюу “ПроЧили” байгууллагын зүгээс уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тус улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулав.

Чили нь дэлхийн зэсийн хэрэглээний 30 орчим хувийг дангаар хангадаг бөгөөд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих замаар эдийн засгаа солонгоруулан хөгжүүлж чадсан сайн жишээ хэмээн олон улсад өндрөөр үнэлэгддэг юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Чилийн Улсын хооронд 1971 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон.