“Монгол Үндэстний үнэлэмж” болон “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хэрэгжилтийг удиран зохион байгуулах Зөвлөлийн анхдугаар хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Зөвлөлийн дэд дарга Н.Анхбаяр удирдан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдав.
Хурлын үеэр “Монгол Үндэстний үнэлэмж” болон “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэхийн зэрэгцээ арга хэмжээг хэрхэн үр өгөөжтэй байлгах, улс эх орныхоо хөгжил цэцэглэл, ололт амжилтыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, үнэт зүйлсийг олон улсад сурталчлах, таниулах өв соёлоороо дамжуулан Монгол Улсын нэр хүндийг олон улсад дээшлүүлэх, гадаад таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Монгол Үндэстний үнэлэмж” гадаад сурталчилгааны цогц арга хэмжээ, хилийн чанад дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн эх оронч үндэсний үзэл санааг хөхиүлэн дэмжих, монгол болон холимог гэр бүлээс төрсөн хүүхдүүдэд үндэсний хэл, бичиг, түүх, зан заншлаа суралцах боломжийг бүрдүүлэх, өв соёлоороо бахархах сэтгэл зүйг төлөвшүүлж, өвлүүлэн үлдээх зорилтын хүрээнд “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхийг тусгасан бөгөөд “Зөвлөл”-ийн бүрэлдэхүүн нь яам, агентлаг, шинжлэх ухааны академи болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.