Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний болон Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн босгон дээр яамныхаа 2021 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг хийв. Хуралд яамны бүх албан хаагчид төдийгүй хилийн чанад дахь ДТГ-ууд цахимаар оролцож өргөн хүрээнд зохион байгууллаа.
Хурлаар улиран өнгөрч байгаа онд ГХЯ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, алдаа оноогоо шүүн ярилцаж, ирэх жилүүдэд хийх ажлуудаа тоймлон ярилцлаа.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хуралдаанд хэлсэн үгэндээ:
Улиран өнгөрч буй 2021 оны хувьд манай улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жил, худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жил, НҮБ-д гишүүнээр элссэний 60 жил зэрэг тэгш ойнууд тохиосон онцлогтой жил байв. Түүхэн чухал ой аливаа байгууллага, салбарын амжилт бүтээлийг тодотгохоос гадна цаашдын чиг хандлагыг тодорхойлох боломж олгодог. Энэ ч үүднээс бид эдгээр ойн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдээ манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд гарсан ололт амжилтаа дүгнэж, цаашдын чиг хандлагаа тодорхойлоход чиглүүлэн ажиллалаа.
Энэ онд Ковид-19 цар тахлын хүнд сорилттой тулгарч, үүнээс шалтгаалан гадаад бодлого, дипломат үйл ажиллагаа маань вакцины татан авалтыг хурдан шуурхай хийх, гадаадад гацсан иргэдээ татан авах, гадаад худалдааны урсгалыг чөлөөтэй явуулж, нэн чухал хэрэгцээт барааны импортыг тасалдуулахгүй байх, хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах, иргэдийн гадаадад зорчих эрхийг сэргээх зэрэг асуудалд нилээд хүч чармайлт гарган ажиллалаа.
Үүний зэрэгцээ бид гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлж, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ажилласан.
Бид бүхний нэг чухал үүрэг бол олон улсын харилцааны чиг хандлагыг анхааралтай ажиглаж, гадаад орчноос манай улсад учирч болох эрсдэл, боломжийг соргогоор мэдэрч, улс орны хөгжилд хэрэгтэй санал санаачилгуудыг дэвшүүлж ажиллах явдал. Үүний зэрэгцээ дотоодын нийгэм, улс төрийн байдал, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, ойлгож ажиллах хэрэгтэй байна гэв.
Тэрээр бүтэн жилийн хугацаанд ГХЯ-наас авч хэрэгжүүлсэн 11 ажил, арга хэмжээг онцлон тодорхойлж, танилцуулахын зэрэгцээ засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, уялдаа холбоо, гүйцэтгэлийн талаар санал бодлоо илэрхийллээ.
Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ бид үргэлж өөрсдийн алдаа дутагдал, давуу болон сул талд дүгнэлт хийж, сайжруулж байх ёстой. Тиймээс ирэх 2022 ондоо манай хамт олон илүү сахилга хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч уур амьсгалтай байж, улам их амжилт гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтан, албан хаагчдыг төрийн одон медаль, салбарын шагналаар шагнаж, зарим албан хаагчдад дипломат албаны цол тэмдгийг гардуулан өглөө.