Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн төрийн сайд Ражкумар Ранжан Сингх-ээс мэндчилгээ ирүүлэв.
Мэндчилгээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүссэн байгуулагдсаны 110 жилийн ойг тэмдэглэх гэж байгаад чин сэтгэлийн баяр хүргэе гээд Монгол, Энэтхэгийн түүхэн болон оюун санааны харилцаа эдүгээ Стратегийн түншлэлийн түвшин өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид энэхүү харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг төлөө нягт хамтран ажиллахдаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн Энэтхэг Улс Монгол Улсын боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх, тэр дундаа дипломат албыг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Энэтхэгийн томоохон их дээд сургуулиуд, түүний дотор Сушма Свараж-ийн нэрэмжит Гадаад харилцааны их сургуульд Монголын залуу дипломатуудыг хүлээн авч байсандаа баяртай байна гэжээ.