Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 70 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар байгуулагдсаны 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ГХЯ-д болж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв.

 Тэртээ 1951 онд Гадаад явдлын яамны протоколын хэлтэст “Элчингүүдэд үйлчлэх тасаг” нэртэй, нэг орон тоотой нэгж байгуулсан нь энэ байгууллагын үндэс суурь болсон бөгөөд эдүгээ Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж, манай улсад суух ДТГ-уудын тоо нэмэгдэхийн хэрээр ГХЯ-нд дипломат үйлчилгээний албаны хэрэгцээ шаардлага улам өндөрсөж, өнөөдөр 70 жилийн ойтойгоо золгож, 140 гаран албан хаагчдаар хүрээгээ тэлсэн томоохон байгууллага болжээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Монгол дахь гадаадын дипломат корпусын хамт олонд иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг, ГХЯ-ны өдөр тутмын үйл ажиллагааг найдвартай дэмжиж бидэнд тусалдаг учраас яахын аргагүй манай алтан аргамжийн салшгүй хэсэг юм.

Цаашид бид зохион байгуулалтын уялдаа холбоогоо улам сайжруулж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх, харилцааг өргөтгөх их үйлсийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа, тууштай хичээнгүйлэн зүтгэхийг та бүхнээсээ онцгойлон хүсэж байна” гэлээ.

Тус байгууллагын 70 жилийн ойтой холбогдуулан ажилтан, албан хаагчдыг төрийн одон медалиар шагнасныг энэ үеэр гардуулан өглөө.