Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Куба Улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн дөрөвдүгээр Зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.
Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, кубын талаас Гадаад харилцааны дэд сайд Анаяанси Родригес Камехо нар тэргүүлж оролцов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцааг бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа талууд нотолж, эрүүл мэнд, биотехнологи, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Энэ хүрээнд хоёр улсын холбогдох байгууллага хооронд байгуулсан хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангахыг манай талаас чухалчилж, кубын талаас Монгол Улсад нарийн мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, оюутны сургалтын тэтгэлгээ үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэснийг мэдээлэв.
Түүнчлэн талууд НҮБ болон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК) зэрэг олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан илэрхийлэв.