Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Д.ГАНБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ЭЛЧИН САЙД Д.ГАНБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бүгд Найрaмдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Р.Н.Ковинд-д уламжилж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Р.Н.Ковинд манай хоёр улс урт хугацааны түүхэн найрсаг харилцаатай явж ирснийг онцолж, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улсад байгуулагдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монголын оюутан залуусыг Энэтхэг Улсын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, Монгол Улсаас коксжих нүүрс импортлох зэрэг чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Д.Ганболд хоёр талын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.