Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудаас ирүүлсэн мэдээДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ХУДАЛДААН ДАХЬ СААД ТОТГОРЫН АСУУДЛААРХ ЭМХЭТГЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ХУДАЛДААН ДАХЬ СААД ТОТГОРЫН АСУУДЛААРХ ЭМХЭТГЭЛИЙН НЭЭЛТ БОЛОВ

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-аас бэлтгэсэн “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын худалдаан дахь саад тотгорыг багасгах нь” сэдэвт эмхэтгэлийн нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахимаар хийв.

Энэхүү эмхтгэл нь ДГХБО-ын худалдаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг ДХБ-ын нийт гишүүдийн сонорт хүргэхээс гадна ДГХБО-ын олон талт худалдааны тогтолцоон дахь оролцоог нэмэгдүүлж, үр өгөөжийг нь хүртэхэд тодорхой хувь нэмэр болно гэдэгт итгэж буйгаа ДХБ-ын Ерөнхий захирал Нгози тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Уулзалтад Монгол Улсаас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн оролцож, ДГХБО-д тулгарч буй саад бэрхшээл нь цар тахлын сөрөг нөлөөллийн улмаас улам гүнзгийрч буйг тэмдэглэж, эдгээр сөрөг нөлөөллийг саармагжуулах, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг тус асуудалд хандуулахад ДГХБО-ын зүгээс хийж буй ажлыг танилцуулав. Тухайлбал, ДХБ-ын Сайд нарын 12 дугаар бага хурлын төгсгөлийн баримт бичигт ДГХБО-д хамаарах заалт тусгуулах, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хороогоор ДГХБО-ын дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хэлэлцэх тусгайлсан хуралдаан хийж байхаар шийдвэрлэсэн зэрэг асуудлыг онцлов. Мөн ДГХБО-ын дамжин өнгөрөх эрх, транзит орнуудын хүлээх үүргийг тодорхойлж, ДХБ-ын гэрээ, хэлэлцээрүүдэд нэмж тусгах зүй ёсны шаардлага байгааг тэмдэглэв.

Өдгөө дэлхийд далайд гарцгүй нийт 44 улс байгаагаас 32 нь далайд гарцгүй хөгжиж буй орнууд юм. ДГХБО нь газар зүйн байршлаас хамаарч, далайн боомтоос хол, олон улсын зах зээлээс алслагдмал орших тул гадаад худалдааны зардал өндөр, транзит орнуудаас шууд хамааралтай байдаг зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдааны зөвхөн 1 хувийг эзэлдэг.