Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн ахмад багш нарыг хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 30 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн хамт Монгол Улсад орчин цагийн Дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан ахмад багш Ж.Баясах, Д.Уламбаяр, Ж.Бор нарыг “Хүндэт дипломат” тэмдгээр шагнасныг гардууллаа.
Манай улс өмнө нь олон улсын харилцааны мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан бол 1991 онд Олон улсын харилцааны сургууль байгуулагдсанаар эдүгээ үндэснийхээ боловсон хүчнийг дотооддоо сургах, дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжлийн дипломатууд, гадаад харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Түүнчлэн цаашид ГХЯ-наас олон улсын харилцаа, гадаад бодлогын асуудлаар зохион байгуулах хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурлуудад ахмад багш нарыг өргөнөөр оролцож санал бодлоо хуваалцаж хамтран ажиллахыг хүслээ.