Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Стокхолм хотноо 2021 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Гадаад харилцааны сайд нарын 28 дугаар уулзалтад оролцох үеэр Шведийн Үндэсний худалдааны зөвлөл, “Нээлттэй худалдааны хаалга” байгууллагын удирдлагуудтай тус тус уулзалт хийж, Европын Холбооны зах зээлд Монголын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар ярилцав.
Монголын эдийн засгийн салбарт уул уурхай давамгайлж буй хэдий ч мах, сүү, арьс шир, ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн түүхий эдийг нэмүү өртөг шингээж, олон улсын чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгааг Дэд сайд Б.Мөнхжин тэмдэглэж, “Нээлттэй худалдааны хаалга” байгууллага нь Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Европын Холбоо болон Шведийн зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ чиглэлийн манай бизнес эрхлэгч нарт тусгай сургалтыг 2022 оны эхний хагаст зохион байгуулахаар ажиллаж буйд талархал илэрхийлэв.
Монгол Улсаас Европын Холбоо, ялангуяа Шведийн зах зээлд ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох тусгай сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд шведийн дотоод зах зээлийн судалгааг нарийвчлан хийж, сургалтын модулийг боловсруулан, бизнес төлөвлөгөө гаргахаар ажиллаж буйгаа “Нээлттэй худалдааны хаалга” байгууллага мэдээлэв. Тусгай сургалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монголын ноос, ноолуурын холбоо болон үйлдвэрлэл эрхлэгч нартай хоёр дахь онлайн уулзалтыг 2022 оны 1 дүгээр сард зохион байгуулахаар болов.