Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 13 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АЗИ-ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ 13 ДУГААР УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Ази-Европын Дээд хэмжээний 13 дугаар уулзалт (АСЕМ) 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “Хамтын өсөлтийн төлөө олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн дор цахим хэлбэрээр болж байна.

Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтыг Камбожийн Хаант Улс даргалж буй бөгөөд бүс нутгийн төдийгүй олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж, Ази, Европын 51 улсын төр, засгийн тэргүүн болон Европын Холбоо, АСЕАН-ы төлөөлөгчид оролцож байна.

Дээд хэмжээний уулзалтын Нэгдүгээр бүгд хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ АСЕМ нь Ази, Европыг нягтруулан ойртуулж, тус хоёр тив төдийгүй манай гарагийн улс орнууд, бүс нутаг, зон олны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэгтэй форум болохыг онцлоод Ази, Европ тивийн өндөр хөгжилтэй орнуудаас бага, дунд орлоготой орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтад үзүүлж буй тусламжаа нэмэгдүүлэхийг уриалав.

Монгол Улс 2006 онд Хельсинки хотноо болсон АСЕМ-ын Дээд хэмжээний 6 дугаар уулзалтын үеэр гишүүнээр элссэн бөгөөд АСЕМ-ын уулзалт, арга хэмжээнүүдэд манай улс дээд өндөр түвшинд тогтмол оролцож байна.