Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээЮНЕСКО-ИЙН ИВЭЭЛ ДОР НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭЛЭЭ

ЮНЕСКО-ИЙН ИВЭЭЛ ДОР НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭЛЭЭ

Монгол, Индонез, Казахстан, Киргиз, Турк Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн (НСИСОУХ) нь Монгол Улсад ЮНЕСКО-ийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулж буй цорын ганц хоёрдугаар зэрэглэлийн байгууллага юм.

Тус хүрээлэнгийн Ерөнхий ассамблейн 4 дүгээр чуулган Парис хотноо 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болов. Чуулганд Монгол, Казахстан, Киргиз, Турк Улсын төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, ЮНЕСКО-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын бодлого, хөтөлбөрийн захирал хатагтай А.Мело зэрэг албаны хүмүүс нээлтийн үг хэлэв.

Соёлын сайд Ч.Номин тус хүрээлэнгийн одоогийн үйл ажиллагаа болон бүхий л зохион байгуулалтын асуудлуудыг ЮНЕСКО-ийн холбогдох шалгуур, дүрэм журмын дагуу шинэчлэн шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Казахстан, Киргиз, Турк улсын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэн, тус хүрээлэн нүүдлийн соёл иргэншилтэй улс орнуудад чухал ач холбогдолтойг онцлон цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ мэдэгдсэн байна.

ЮНЕСКО-ийн төлөөлөгчид хүрээлэнгийн зүгээс гишүүн орнуудыг өргөжүүлэхдээ Африк, Ойрх Дорнодын нүүдлийн соёл иргэншилтэй улс орныг онцгойлон анхаарахыг хүсэж хамтран ажиллахаа илэрхийлэв.

НСИСОУХ-ийн Ерөнхий ассамблейн чуулганаар доктор И.Бямбабаатарыг хүрээлэнгийн захирлаар, доктор Д.Бум-Очирыг эрдмийн зөвлөлийн даргаар тус тус томилж, эрдмийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлав.