Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОЛЬШИЙН СЕЙМИЙН ДЭД ДАРГА М.ГОШЕВСКА-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ПОЛЬШИЙН СЕЙМИЙН ДЭД ДАРГА М.ГОШЕВСКА-ТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн Дэд маршал (Парламентын дэд дарга) Малгожата Гошевска-г Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Б.Батцэцэг сайд  БНПУ Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаа энэ онд сэргээн нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц болж буйг сайшааж, монгол иргэдэд үйлчлэх Консулын хэлтсээ мөн ойрын үед нээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж буй Дэд маршал Монгол Улстай хэрэгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч буйгаа нотолж, цаашид эдийн засаг, уул уурхай, геологи зэрэг салбарын болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.