Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХҮМҮҮНЛЭГИЙН ХЭРГИЙН ҮЙЛ БАРИМТ ЦУГЛУУЛАХ ОЛОН УЛСЫН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР МОНГОЛ УЛС СОНГОГДОВ

ХҮМҮҮНЛЭГИЙН ХЭРГИЙН ҮЙЛ БАРИМТ ЦУГЛУУЛАХ ОЛОН УЛСЫН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР МОНГОЛ УЛС СОНГОГДОВ

Швейцарын Холбооны Улсын Берн хотноо энэ 11 дүгээр сарын 19-ний өдөр болсон Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс (International Humanitarian Fact-Finding Commission)-ын гишүүний сонгуульд Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд өрсөлдөн сонгогдов.

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 15 гишүүнээс бүрддэг байгууллага юм. Монгол Улсаас ийнхүү анх удаа нэрээ дэвшүүлж сонгогдсоноор зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэхэд нь улс орнуудад дэмжлэг үзүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

Дээрх комиссын сонгуульд Катар, Эмират, Польш, Алжир, ХБНГУ, Чили, Швед, ИБУИНХУ, Аргентин, Португал, Бельги, Коста Рика, Того, Монгол, Словак, Мадагаскар зэрэг 16 орон нэр дэвшүүлэн өрсөлдсөнөөс манай улс санал хураалтад оролцсон нийт 58 орноос 55 орны саналыг авч 2022-2026 онд ажиллахаар сонгогдов.