Женев дэх Байнгын төлөөлөгчийн газар, Элчин сайдын яам (БТГ/ЭСЯ)-наас “Тогтвортой сүү” сэдэвт зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр цахимаар зохион байгуулав.
Зөвлөгөөнийг нээж Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Улаанбаатар дахь салбарын дарга Др. Стефани Бурри нар үг хэлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай улсын сүүний салбар, малын бэлчээрийн тухай, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын худалдааны төвөөс дэлхийн сүүний салбар, зах зээл, технологийн асуудлаар тус тус танилцуулга хийв.
Мөн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Лозанны Технологийн их сургууль, Берн хотын Хөдөө аж ахуй, хүнсний технологийн дээд сургууль болон Нидерланд, Норвегийн их сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, сүүний гарцыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг хангах, сүүний экспорт, өртгийн сүлжээ, малчдын амьжиргааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцов.
Хөдөө аж ахуйн чиглэлээр манай улсад хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний уялдаа холбоог сайжруулах үүднээс Женев дэх БТГ/ЭСЯ-наас 2019 онд “Махны экспортыг дэмжих өртгийн сүлжээ”, 2020 онд “Тогтвортой ноолуур” сэдвийн хүрээнд сэдэвчилсэн зөвлөгөөнийг тус тус зохион байгуулж байсан.