“Энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11 дүгээр сарын 18-нд Үндэсний батлан хамгаалахын их сургуульд болов.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн Суурин төлөөлөгч Бенедикт Ивановс болон бусад албаны хүмүүс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хурлаар НҮБ-ын ЭСА-нд манай улсны хандивлаж буй эмэгтэй цэрэг, цагдаагийн тоог шат дараатай нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, тэдний оролцож ирсэн туршлага, сургамжийг хэлэлцэн дүгнэв. Мөн ирэх 2022 оны 6 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулах НҮБ-ын ЭСА-нд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаарх олон улсын бага хурлын бэлтгэлийг хангахад ач холбогдолтой болов.
Дашрамд дуулгахад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн бол Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн юм.