Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“Монгол-АНЭУ–ын бизнес форум”-ыг зохион байгуулав

“Монгол-АНЭУ–ын бизнес форум”-ыг зохион байгуулав

Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй “ЭКСПО 2020 – Дубай” дэлхийн үзэсгэлэнгийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Монгол  Улс– Арабын Нэгдсэн Эмират Улсын бизнес форум” зохион байгуулагдав.

Энэхүү бизнес форумыг Монгол Улс, АНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, АНЭУ -ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбоо хамтран зохион байгуулав.


Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа тус бизнес форумд оролцож, үг хэлсэн бөгөөд тэрээр хоёр орны харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоо, хамтын хүчин чармайлт чухал болохыг тэмдэглээд энэ удаагийн арга хэмжээгээр олон шинэ боломжууд нээгдэж буйг онцолсон юм.

Мөн хоёр орны хамтын ажиллагаа цахилгаан, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү өрнөж байгааг онцлоод худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

Түүнчлэн бизнес форумын үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, бизнесийн орчин болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулав.


Тус арга хэмжээнд Монгол, АНЭУ-ын 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, хамтран ажиллах боломжийн талаар санал мэдээлэл солилцов.

АНЭУ-ын Дубай хот нь дэлхийн бизнес, эдийн засаг, банк, санхүү, тээвэр ложистикийн томоохон төвүүдийн нэг бөгөөд тус хотод олон улсын үндэстэн дамнасан корпорацийн төлөөллүүд үйл ажиллагаа явуулдаг.