Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болж байна

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болж байна

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Хуралдаанд монголын талын төлөлөгчдийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйдлвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд болон холбогдох яам, агентлагийн төлөөлөгчид оролцож байна.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 1994 онд Анкара хотод зохион байгуулагдаж байсан. Цар тахлын улмаас түр хойшлогдоод байсан Хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд хоёр тал чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна.

Хамтарсан хорооны хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Худалдааны сайд Мехмет Муштай уулзаж, Монгол, Туркийн эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр тохиролцож, энэ хүрээнд хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын өргөн хүрээний асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэхээр тохиролцов. Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд нар Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Мөн Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл болон Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа “МКЕ” Төрийн өмчит компанийн хооронд хамтарсан үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болов.

Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсыг үндэслэгч Ататуркийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.