Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ЭМГЭНЭЛ

ЧУЛУУНЫ БАТЖАРГАЛ /1946-2021/

Ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Чулууны Батжаргал 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ч.Батжаргал нь 1946 оны 10 дугаар сарын 15-ныөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Хадан Ус хэмээх газар төрж, 1956-1966 онд дунд сургууль, 1966-1967 онд Улсын багшийн дээд сургууль, 1967-1973 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургууль, 1990-1991 онд Бүгд Найрамдах Итали Улсын Флоренцийн Их сургуулийг тус тус төгссөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүндэт дипломатч байсан юм.

Тэрбээр Гадаад харилцааны яам болон түүний системийн байгууллагад 1973 оноос ажилласан бөгөөд 1973-1980 онд Гадаад явдлын яамны Ёслолын хэлтэст дэд атташе, атташе, III нарийн бичгийн дарга, 1980-1987 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яаманд III, II нарийн бичгийн дарга, 1988 онд Гадаад явдлын яамны Ёслолын хэлтэст II нарийн бичгийн дарга, 1988-1990 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн Ёслол үйлчилгээний тасгийн дарга, 1990-1993 онд Засгийн газрын Ёслолын тасгийн дарга, 1993-2000 онд Монгол Улсын Төрийн ёслолын албаны дарга, 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2001-2003 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2001 онд Монгол Улсаас Ватикан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2001-2005 онд Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Хүндэт дипломатч Ч.Батжаргал нь Монгол-Италийн харилцааг хөгжүүлэх, идэвхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн талаар идэвхтэй хамтран ажиллаж, эдийн засгийн нөөц бололцоог бүрэн ашиглах, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг байнгын болгох эхлэл тавигдахад бодит хувь нэмрээ оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэг байлаа.

Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас өндрөөрүнэлж Алтан гадас одон, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчиндипломат дээд цолоор шагнасан байна. Хоёр улсын харилцаанд идэвх зүтгэл гарган ажилласныг өндрөөр үнэлж, Оросын Холбооны Улсын “Найрамдал” одон, Вьетнам Улсын “Найрамдал” медаль, Итали Улсын “Эв санааны нэгдлийн их загалмай” одон, ОХУ-ын “Энх тайвны сан”-гийн алтан медалиар тус тус шагнаж байв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ахмад дипломатч Ч.Батжаргалын эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,

ДЭД САЙД Б.МӨНХЖИН,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР,

ГХЯ, ДТГ-ЫН НИЙТ ХАМТ ОЛОН, ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБ