ЦЭДЭВИЙН БУЯНБАДРАХ /1952-2021/
Гадаад харилцааны яамны ахмад, “Хүндэт дипломатч” Цэдэвийн Буянбадрах таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ц.Буянбадрах 1952 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд малчны гэрт төрсөн. 1970 онд Увс аймгийн Баруунтуруун сумын 10 жилийн дунд сургууль, 1973 онд Архангай аймаг дахь Багш нарыг бэлтгэх сургууль, 1978 онд Монгол Улсын Их сургууль, 1979-1982 онд ЗСБНХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын академи, 1988-1989 онд Москвагийн дипломатын академид давтан сургалт, 1995 онд Бээжингийн дипломатын академид тус тус суралцаж төгссөн. Орос, хятад судлаач, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой, Хүндэт дипломатч байсан юм.
Гадаад харилцааны яам болон түүний системийн байгууллагад 1978 оноос хойш 30 гаруй жил тасралтгүй ажилласан бөгөөд 1978-1979 онд ГЯЯ-ны I хэлтэст атташе, 1983-1987 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд атташе, 1989 онд ГХЯ-ны Ази, Африкийн газарт атташе, 1990-1994 онд Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ-т дэд консул, 1994 оноос ГХЯ-ны Бодлого зохицуулалтын газарт III, II нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа ЕКГ-ын консул бөгөөд тус ЕКГ-ын Эрээн хот дахь салбарын эрхлэгч, 2000-2001 онд ГХЯ-ны Эрх зүй, Консулын газарт зөвлөх, ГХЯ-ны Хөрш орнуудын газарт дэд захирал, 2005-2009 онд Бээжин дэх ЭСЯ-нд Элчин зөвлөх, 2009-2011 онд ГХЯ-ны Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт зөвлөх, 2011 оны 8 дугаар сараас 2013 оны 8 дугаар сарыг дуустал БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байв. Тэрээр иргэд солилцооны хамгийн төвөгтэй цаг үед Хөх хотод анхны дэд консулаар (1990-1994), Эрээн хотод анхны консулаар (1996-2000) ажиллаж байсан билээ.
Талийгаачийн хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнасан байна. Түүнийг 2 улсын харилцаанд идэвх зүтгэл гарган ажилласныг өндрөөр үнэлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын хүндэт иргэн болгож байв.
Ц.Буянбадрах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ГХЯ-наас орж ажиллан, оршин тогтнохын аюулгүй байдлын хэсгийг боловсруулалцсан. Тэрбээр хилийн чанадад ажиллах хугацаандаа Монгол, Хятадын харилцааг бүх салбарт урагшлуулах, худалдаа, эдийн засаг, хоёр улсын консулын харилцааг хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсыг сурталчлах чиглэлээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэн, Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд, тэр дундаа Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн батлахад голлох хувь нэмэр оруулсан манай ахмад дипломатчдын нэг байлаа.
Талийгаачийн эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ,
ДЭД САЙД Б.МӨНХЖИН,
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР,
ГХЯ, ДТГ-ЫН НИЙТ ХАМТ ОЛОН, ГХЯ-НЫ ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОРОО, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДИПЛОМАТ КЛУБ