Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ДАЙЛЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ УЛС, ОХУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ДАЙЛЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн дайллагыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Москва хотын “Метрополь” зочид буудалд зохион  байгуулав.  

Хүндэтгэлийн дайллагыг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев нар үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин,  ОХУ-ын Төрийн Думын гишүүн, “Шударга Орос–Үнэний Төлөө нам”-ын дарга С.М.Миронов нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Элчин сайд Д.Даваа хэлсэн үгэндээ, өнгөрч буй 100 жилийн хугацаанд хоёр улс түүхийн олон томоохон сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж
, бүтээн байгуулалтыг цогцлоосныг дурдаж, хоёр орны ард түмэн онцгой дотно хандлага, найрамдал нөхөрлөлөө бэхжүүлж, хамтын ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарт өргөжин тэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв.    

Дэд сайд Б.Мөнхжин хоёр улс дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг оны туршид ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, хоёр тал хамтын ажиллагааны өнөөдрийн түвшин, далайцыг улам гүнзгийрүүлэх сонирхолтой бөгөөд шинэ зууны хамтын ажиллааны төлөвийг өөдрөг төсөөлж буйг тэмдэглэв.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев хэлсэн үгэндээ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, монголын тал айлчлалд өндөр ач холбогдол өгч халуун дотноор хүлээн авсныг тэмдэглээд, хоёр орны харилцааны шинэ зуунд хоёр улсын хамтын ажиллагаа улам өрнүүн хөгжиж, шинэ агуулгаар баяжин, хоёр улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Б.Б.Жамсуев, Д.И.Оюун, Төрийн Думын гишүүн В.А.Дамдинцурунов, Монгол Улс, ЗХУ-ын Баатар В.А.Жанибеков, ЗХУ-ын Баатар, сансрын нисгэгч В.П.Савиных нарын хүндэт зочид болон ОХУ-ын ЕТГ, Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Төрийн Дум, ОХУ-ын ГХЯ, Нэгдсэн Орос Нам, ОХУ-д суугаа зарим ДТГ-ын төлөөлөл, ОХУ-ын заримИх дээд сургуулиудын удирдлага, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан үе үеийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд  зэрэг албаны 400 гаруй зочид төлөөлөгчид оролцов.