Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын “АлтайМаш Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн корпораци” ХН-ийн Ерөнхий захирал А.И.Мирошникийг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтаар А.И.Мирошник нь өөрийн корпорацийн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн боломж, бололцоо, нөөцийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулав.
Тус корпораци нь ОХУ-ын Кемерово хотод байрладаг ба корпорацид нь төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, уул уурхайн тоног төхөөрөмж, цутгамал бүтээгдэхүүн, химийн болон нүүрсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлдэг, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд багтдаг бөгөөд нийт 8000 орчим хүн ажилладаг ажээ.
Корпорацийн бүрэлдэхүүн компаниуд гадаадын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхийг зорьж, өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ голчлон ОХУ-ын дотоодын зах зээл, ТУХН-ийн орнуудын зах зээлд борлуулдаг байна.
Ерөнхий захирал А.И.Мирошник нь газар нутгийн ойролцоо байрлалыг харгалзан цаашид Монгол Улстай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх чиглэлд идэвхтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.