Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах шинжээчдийн түвшний V уулзалтыг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, оросын талын төлөөлөгчдийг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн газрын захирал А.Ю.Дианов, хятадын талын төлөөлөгчдийг тус улсын Хөгжил шинэчлэлийн хорооны Бүс нутгийн нээлттэй хөгжлийн газрын дэд дарга Жан Мин нар тэргүүлж, хоёр талын холбогдох албаны өргөн хүрээтэй төлөөлөгчид оролцов.
Уулзалтаар Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг сунгах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэх тухай гурван талын Хамтарсан мэдэгдэл болон ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд батлах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу хийн хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд гурван улсын Засгийн газрын зүгээс үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх, хил дамнасан аялал, жуулчлалын “Цайны их зам” төслийн замын зураглалыг хамтран батлах, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын Москва хотын Зам харилцааны сургууль, БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургууль хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар гурван тал харилцан тохиролцоонд хүрлээ.
Энэ удаагийн гурван талын шинжээч нарын уулзалт ажил хэрэгч, үр дүнтэй болсон бөгөөд цаашид гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын товыг тохирч, зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тогтов.