Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын санаачилгаар ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ)-аас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “КОВИД-19 цар тахал ба чингэлэг тээврийн зардлын өсөлт: нөлөөлж буй хүчин зүйлс ба цаашид авах арга хэмжээ” сэдэвт уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад АНУ, Гондурас, Маврики, Монгол, Сингапур, Тайланд, Хятад зэрэг улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, чингэлэг тээврийн үйл ажиллагааны доголдлын улмаас импорт, экспортод тулгарч буй хүндрэл, түүнийг даван туулах арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.
Уулзалтыг ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала нээж, дэлхийн чингэлэг тээврийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоог төлөөлж, Mongol Express компаний Ерөнхий захирал Д.Энхбат далайн тээвэр, чингэлэг тээврийн үнийн өсөлтөөс улбаалж монголын тээвэр зуучдад тулгамдаж буй асуудлаар илтгэл тавив.
Мөн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн чингэлэг тээврийн хүндрэлээс үүдэж Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлыг онцлов. Тухайлбал, дамжин өнгөрөх тээвэр, бүтээгдэхүүнд тавигдах нөхцөлийг илүү хөнгөлөлттэй болгох, олон талт зохицуулалтыг сайжруулах зорилгоор ДХБ-ын Сайд нарын Бага хурлын үр дүнд гаргах баримт бичигт энэ асуудлыг тусгах санал гаргав.