Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ПАВИЛЬОН ШАНХАЙ ХОТОД НЭЭГДЭВ  

МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ПАВИЛЬОН ШАНХАЙ ХОТОД НЭЭГДЭВ  

Шанхай хотноо жил бүр зохион байгуулагддаг “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн” 2021 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдөр болж байна. Уг арга хэмжээнд манай улсын аж ахуйн нэгжүүд тогтмол оролцож ирсэн бөгөөд цар тахлын улмаас энэ удаагийн экспод АПУ ХК, MIM Global ХХК, “SainTumen Cashmere” зэрэг 3 компани оролцож байгаа юм.

Хятад улсын хамгийн том импортын үзэсгэлэн худалдаа болон өргөжсөн энэхүү арга хэмжээг угтан Шанхай хотын Хунчяо бизнесийн бүс дэх Грийнланд дэлхийн импортын бараа, бүтээгдэхүүний худалдааны төвд Монголын импортын барааны павильон 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр мөн нээлтээ хийгээд байна.

Уг нээлтийн ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Шанхай хотод суугаа ЕКГ-ын дэд консул Л.Эрдэнэбаатар, “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, Грийнланд төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Юй Гуовэй зэрэг зочид оролцов.

Монголын импортын барааны шинэ павильонд ноолууран бүтээгдэхүүн, хивс, цай, ундаа, архи, шар айраг зэрэг 100 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “Шанхай Шинэ Трэйд” ХХК уг павильоны үйл ажиллагааг бие даан хариуцаж байгаа юм. Түүнчлэн тус компани нь өнгөрсөн хугацаанд Хятад улсын зээлд манай улсаас бараа нэвтрүүлэн худалдаалахад шаардлагатай холбогдох дүрэм, журам болон тээвэр, логистикийн чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулжээ.

Грийнланд төвд манай улсын импортын барааны павильоныг нээн ажиллуулснаар тус худалдааны төвийн нэгдсэн платформоор дамжин БНХАУ-ын хэд хэдэн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй салбаруудаар манай улсын экспортын бүтээгдэхүүнийг худалдаалах боломж нээгдэж байгаа аж.  

Ингэснээр цаашид Монгол Улсаас Хятад улсын зах зээлд гаргах уул уурхайн бус бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөх, улмаар хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Грийнланд групп нь үл хөдлөх хөрөнгийн салбарт Шанхай хотдоо 2 дугаарт ордог томоохон компани бөгөөд Шанхайн импортын экспо арга хэмжээ зохион байгуулагддаг Үндэсний үзэсгэлэнгийн танхимын урд хэсгийн талбайд өөрийн цогц байгууламжийг барьж байгуулсан байна. Энэхүү цогц төвд Грийнланд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төвөөс гадна оффисын барилга, тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, 5 одтой зочид буудал багтдаг ба уг төв нь хамрах хүрээгээрээ Хунчяо бизнесийн бүсэд 2 дугаарт бичигдэж байна. Грийнланд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны төв нь анх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийж байсан бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 60 гаруй улсын үндэсний павильон, 112 брэндийн павильон ажиллаж байна.