Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 12 дугаар Бага хурлын хүрээнд буюу 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Худалдааны сайд нарын уулзалт цахимаар болов.
Уулзалтыг нээж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлэв. Тэрээр дэлхий дахинаа тулгамдаад буй цар тахлын нөлөөгөөр ДГХБО-д урьд урьдынхаас илүү сорилттой тулгарч буйг онцлоод, эдгээр орнуудын түүхий эдээс хараат байдлыг бууруулж, эдийн засгийг төрөлжүүлэн худалдааны хэмжээ, хөгжлийн түвшинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн, транзит тээврээс үүдэлтэй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, ДГХБО-ын тусгай хэрэгцээ, шаардлагад нийцсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөр батлах, ДГХБО-ын олон талт худалдааны тогтолцоон дахь оролцоог хангахад хамтран ажиллахыг олон улсын түвшинд уриалсан болно.
Уулзалтын үеэр ДХБ-ын Ерөнхий захирал доктор Нгози Оконжо-Ивеала ДГХБО-ын худалдаанд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэхэд тус байгууллагаас анхаарч буйгаа илэрхийлж, ДХБ-ын Сайд нарын 12 дугаар Бага хурлаас өмнө ДГХБО-ын худалдаанд нөлөөлж буй техникийн зохицуулалт, стандарт шаардлага, тээвэр, ложистикийн зардал зэрэг олон асуудлыг тусгасан эмхэтгэл нийтлэхээр төлөвлөж байгааг мэдэгдэв.
Мөн НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улсуудын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч, Казахстан, Балба зэрэг 10 гаруй улсын төлөөлөгч үг хэлж, ДГХБО-ын худалдаа, хөгжлийн асуудалд тулгарч буй сорилт бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон.
Уулзалтын үр дүнд Женев хотноо 2021 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд болох ДХБ-ын Сайд нарын 12 дугаар Бага хурлын үеэр ДГХБО-ын зүгээс гаргах Сайд нарын тунхаглалыг батлав.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, ДХБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн ДГХБО-ын Женев дэх бүлгийн зохицуулагчийн хувиар тус уулзалтыг удирдсан бөгөөд ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн дарга Дасио Кастиллод Сайд нарын тунхаглалыг гардуулж, ДХБ-ын Сайд нарын 12 дугаар Бага хурлын баримт бичиг болгон албажуулахаар тохиролцов.