Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-ын Шанхай хотноо 2021 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдөр зохион байгуулагдах “Хятадын олон улсын импортын үзэсгэлэн”-гийн нээлт болон Хун Чяо олон улсын эдийн засгийн форумын нээлтийн ёслолын ажиллагаанд цахимаар оролцлоо.
Уг арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээн цахимаар үг хэлж, тус улсын дэд дарга Ван Чишан биечлэн оролцсон бөгөөд Аргентин, Казахстан, Замби улсын Ерөнхийлөгч, Итали, Тайланд, Фижи зэрэг улсын Ерөнхий сайд, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг өндөр, дээд албан тушаалтнууд цахимаар оролцож үг хэлэв.
Шанхай хотод 4 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй уг олон улсын импортын үзэсгэлэнд нийт 127 улсын 2900 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулах ба үзэсгэлэн 6 үндсэн павильонд хуваагдсан дараах хэсгүүдээс бүрдэнэ:
– Хэрэглээний цахилгаан бараа болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэсэг,
– Хувцас хэрэгсэл болон өдөр тутмын бүтээгдэхүүний хэсэг,
– Автомашины хэсэг,
– Ухаалаг болон өндөр техник технологи төхөөрөмжийн хэсэг,
– Хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэсэг,
– Эм эмнэлгийн тоног төхөөрөмж болон эм бэлдмэл эрүүл мэндийн хэсэг,
– Үйлчилгээ худалдааны хэсэг хэмээн хуваагдаж байна.
Түүнчлэн энэ удаагийн экспогийн үеэр 423 шинэ бүтээгдэхүүн, технологийг анх удаа олон нийтэд танилцуулах ажээ.
Манай улсаас энэ удаагийн экспод АПУ ХК, MIM Global ХХК, “SainTumen Cashmere” зэрэг 3 компани оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулна.
Уг үзэсгэлэнд БНХАУ-ын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг бөгөөд дэлхийн олон орны тэргүүлэгч аж ахуйн нэгж, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчдыг нэгэн дээвэр дор цуглуулж, тэдгээрт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй холбоо тогтоож, дэлхийн том зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг олгодог юм.