Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургууль /РУДН/-ийн Сочи дахь салбар дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга Н.И.Козловагийн урилгын дагуу Сочи хотод албан томилолтоор ажиллав.
Элчин сайд Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн удирдлагатай хамтын ажиллагааны талаар санал солилцож, сургалтын хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаарх мэдээлэл авахын зэрэгцээ зарим сургалтын лабораториуд болон үйлдвэрлэлийн дадлагын талбайн үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр тус сургуулийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх мэдээллийг Элчин сайд Д.Даваагаас авч, дээрх үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, шаардлагатай хүний нөөц, нарийн мэргэжсэн боловсон хүчнийг бэлтгэх, туршлага хуваалцах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн болно.
Түүнчлэн Элчин сайд Д.Даваа Сочигийн үндэсний байгалийн нөөц газрын захирал М.М.Лапинтай уулзаж, 130 гаруй жилийн үйл ажиллагааны түүхтэй “Дендрарий” цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр талууд нөхөн сэргээлт болон хамгаалалт, ногоон байгууламжийн төлөвлөлт, мод нутагшуулах чиглэлээр олон улсын хэмжээнд тэргүүлдэг “Дендрарий” цэцэрлэгт хүрээлэн болон Монгол Улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.
Мөн энэхүү томилолтын хүрээнд элчин сайд Д.Даваа Монгол Улсын Соёлын элч Сочи хотын Хурлын гишүүн И.А.Селезнёв-тай уулзаж, түүний Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Соёлын элчийн хувиар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар санал солилцож, тодорхой зарим төсөл, санаачилгыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиров.