Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Дэлхийн Банкны Дэд ерөнхийлөгч Аксел ван Тротзенбург, тус банкны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч М. Ферро нарыг 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч уулзан, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, ногоон эдийн засгийн шилжилт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлт, ойн хомсдолтой тэмцэх зэрэг асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Дэлхийн банк группын хамтын ажиллагааны 30 жилийн ойн мэндийг хүргэж, бидний хамтын ажиллагаа Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. Тэрээр ядуурлыг нэг оронтой тоонд оруулах, засаглалыг сайжруулах, баялгийн зөв хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих зэрэг суурь томоохон шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Дэлхийн Банктай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв. Монгол Улс байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарч, ногоон хөгжлийн жишиг орон болох, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд санаачилгатай ажиллахыг зорьж буйг Монгол Улсын Ерөнхийлөгч танилцуулав.
Монгол Улстай олон жил хамтран ажиллаж, үр дүнд хүрч ажилласныг Дэлхийн Банкны төлөөлөгчид цохон тэмдэглээд, ногон хөгжил, ногоон эдийн засагт шилжих, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн үйл ажиллагаа, санал санаачлагын дэмжин ажиллахаа илэрхийлэв.