Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо энэ оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтын эхний өдөр Уур амьсгалын ногоон сангийн Гүйцэтгэх захирал Янник Глемарек, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масацугу Асакава, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одил Рено-Бассо нартай хоёр талын уулзалт хийв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүх нийтийн үйл хэрэгт Монгол Улс үндэсний хувь хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж буйг талуудад танилцуулсны зэрэгцээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд түншлэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал үүрэгтэйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ногоон хөгжил, ойн хомсдол, доройтлыг бууруулах, мод тарьж ургуулах асуудлыг урагшлуулах талаар санал солилцлоо.