Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид болон НҮБ-ын зарим удирдах албаны хүн оролцсон хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Туслах ерөнхий нарийн бичгийн дарга Мохамед Халед Хиари, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортни Раттрэй болон 20 гаруй улсын НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар уригдан оролцлоо.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Энхболд хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс амаргүй зам туулж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь манай улс тусгаар тогтнол, бүрэн эрхээ баталгаажуулсан түүхэн чухал үйл явдал байсныг онцоллоо.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид дэвшүүлсэн мэндчилгээндээ Монгол Улс нь НҮБ-ын гишүүн болсноор олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахиулах, ардчилалыг дэмжих, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хангах, энхийг сахиулахын төлөөх олон улсын хамтын хүчин чармайлтад идэвхтэй оролцож байгааг цохон тэмдэглэв.
Арга хэмжээний үеэр Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн тухай видео танилцуулга толилуулж, монгол ардын урлагийн тоглолтоос сонирхууллаа.